БИДНИЙ ТУХАЙ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

1954 онд дүүргийн нутаг дэвсгэрт төв түүхий эдийн баазын ажилчдын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан бага эмчийн салбар байгуулагдсан нь одоогийн Эрүүл мэндийн нэгдлийн суурь болж улмаар 1955 онд 30 ортой их эмчийн салбар болов. 1965 онд дүүргийн зохион байгуулалтанд шилжсэнтэй холбогдуулан Октябрийн районы нэгдсэн эмнэлэг байгуулагджээ. Түүний дэргэд 1985 онд хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг болсон. 1982 он гэхэд 3 амбулатори, 100 ортой стационар, цехийн, насанд хүрэгчдийн болон эмэгтэйчүүдийн хэсэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. 1991 оноос хэсгүүдийг өрхийн эмнэлгийн зохион байгуулалтанд оруулж эрүүл мэндийн төвүүд байгуулагдах үед “Эрүүл мэндийн 14-р төв” нэртэйгээр ажиллах болов. 1993 оноос “Зөвлөх төв” нэртэй болж улмаар 2001 онд Нийслэлийн эмнэлгүүдэд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж Эрүүл мэндийн нэгдэл гэж нэрлэгдэж дэвсгэр нутгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн поликлиник, 3 амбулатор, 108 ортой дотор мэдрэлийн стационар, 30 ортой ахмадын сувилал, хүүхдийн түргэн тусламжийн станц гэсэн бүтэцтэй ажиллаж байна. НЭМГ-ын даргын 2001 оны 88 тоот тушаалын дагуу Эрүүл мэндийн нэгдлийн үлгэрчилсэн дүрмийн хүрээнд Эрүүл мэндийн нэгдлийн харъяалах байгууллагуудаас гадна 115 ортой дүүргийн нэгдсэн эмнэлэг, Жаргалант тосгоны эмнэлэг, өрхийн 24 эмнэлэг зэрэг улс хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. СХД-ийн 4800 гаруй өрх, 211000 гаруй хүн амд 210 гаруй их эмч, 260 гаруй дунд мэргэжилтнүүд эрүүл мэндийн анхан ба хоёрдогч шатлалын тусламж үзүүлэн ажиллаж байна.

Login

Lost your password?