Blog Single

Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагын удирдлагын багийг  чадавхижуулах сургалт

Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагын удирдлагын багийг чадавхижуулах сургалт

сургалтын ТАЛААРХ ерөнхий мэдээлэл

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагын баг, холбогдох мэргэжилтнүүдэд  “Нэг худалдан авагчийн тогтолцоо, стратегийн худалдан авалт, худалдан авагч байгууллагын төлбөрийн болон чанарын хяналтын шинэчлэл, эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэл зүйн засаглал, санхүүгийн удирдлагын”-ийн талаарх ойлголт, мэдлэгийг бэхжүүлэн, чадамжийг бий болгох чиглэлээр 4 өдрийн сургалт, коучинг зохион байгуулав.

                                      Сургалт зохион байгуулсан газар, байршил 

            Сургалтыг Сонгинохайрхан төвийн Эрүүл мэндийн төвийн хурлын танхимд зохион байгуулж, ЭМТ удирдлага, зохион байгуулалтаар хангаж, сургалтын ерөнхий зохицуулагчаар  Сонгинохайрхан төвийн Эрүүл мэндийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Н.Энхжин ажиллав.

Хугацаа: 2021 оны 12-р сарын 13-өөс 12-р сарын 16-ны өдөр

 

 

Сургалт зохион байгуулах үндэслэл

УИХ-ын 2020 оны 8 дугаар сарын 28-нд батлагдсан багц хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл 2021 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нэгдсэн санд төвлөрөн,  нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн.

Монгол Улсын Засгийн Газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр МОН 3843, МОН-3844(COL) болон АХБ, СЯ-ны  “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” МОН 9701 төслүүд нь энэхүү шинэчлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр чадавхийг  бэхжүүлэх нь энэхүү сургалтын үндэслэл юм.

 

Зорилго

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн болон хууль эрх зүйн орчны шинэчлэл, хэрэгжилтийн талаарх ойлголт, мэдлэгийг бэхжүүлэн чадамжийг бий болгох 

зорилт

1.    Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн болон стратегийн худалдан авалттай холбоотой цахим шинэчлэлийн талаарх   мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх

2.    Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчин, эмнэлгийн бие даасан байдлын талаарх мэдлэг, ойлголтыг бататгах 

сургалтын оролцогчид 

Сургалтад Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагын баг, холбогдох эмч мэргэжилтэн  25 хүн оролцов.

Сургалтын агуулга, сэдэв

Энэхүү 2 өдрийн сургалт, 2 өдрийн коучинг хийснээр эмнэлгийн  тулгамдсан асуудлыг тодорхойлон, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний  зөвлөмж өглөө.

Нэгдүгээр зорилтын хүрээнд: Тусламж, үйлчилгээний  өртөг, нэг иргэнээр болон тохиолдолд суурилсан төлбөрийн арга, үнэ, өртөг, зардал, төсвийн талаар нэгдсэн ойлголт өгч, харилцан ярилцсан. Мөн нэгдсэн сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцын шинэчлэлийн хүрээнд ЭМДЕГ-ын бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын арга хэрэгсэл ЭМДҮЗ-ийн 03, 05 дугаар тогтоол, нэхэмжлэлийн хяналт,  цахим платформ, гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай мэдлэг, ойлголтыг бататган, харилцан ярилцсан. 

Хоёр дугаар зорилтын хүрээнд:  Эмнэлэг, эмнэлзүйн засаглалын 7 үндсэн чиглэл, үйл ажиллагааны удирдлага болон эмнэлгийн удирдлагын чиг үүрэг, уялдаа холбооны талаар ярилцан багаар ажилласан. Багаар ажиллахдаа жишээн дээр тайлбарлан, 3 дахь өдрийн хичээлийг илүү үр дүнтэй болгох зорилгоор өөрийн байгууллагын амбулатори, хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, жирэмсний хяналтын чиглэлээр үйл ажиллагааны зураглал хийх даалгавар өгч ажиллуулсан. Оролцогчид маш идэвхитэй оролцож, тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудал, хүлээгдэл, чирэгдэл хаана үүсдэгийг тодорхойлсон.  Мөн үйл ажиллагааны удирдлага, эмнэл зүйн удирдлагын уялдаатай болон ялгаатай тал, чиг үүргийг тодорхойлж сурсан. 

Гурав дугаар зорилтын хүрээнд:  Эмнэлгийн амбулатори, хэвтэн эмчлүүлэх, яаралтай түргэн тусламжийн чиглэлээр 2 дахь өдрийн дадлага ажилд суурилан үйл ажиллагааны зураглалыг  нарийвчлан зурж, хүснэгтээр өгсөн загвар дээр ажилласан. Зураглалын үр дүнд  амбулаторийн тусламж, үйлчилгээний цахим бүртгэл мэдээлэл, лабораторийн шинжилгээний хариуны хэсэгт  хамгийн их хүлээгдэл үүсдэг болохыг тодорхойлсон. Хэвтүүлэн эмчлэх хэсэгт өвчний түүх нээх, эмчилгээ авах (эм, тариа авах)-д хүлээгдэл үүсдэг нь тулгамдсан асуудал гэж үзсэн. 

Сургалтын 4 дахь өдөр 2 баг болон хуваагдаж, эмнэлзүйн засаглалын дүн шинжилгээ болон эмнэлгийн санхүү, төлөвлөлтийн загвар дээр ажилласан. Эмнэлзүйн засаглалын дүн шинжилгээг үр дүнтэй болгохын тулд  өмнөх өдөр нь тусгайлан боловсруулсан асуумжийг  эмнэлзүйн шийдвэр гаргадаг бүх оролцогчдод тараан өгч, гэртээ уншиж, асуултад хариулж бичиж ирэхийг даалгасан. 

Эмнэлзүйн дүн шинжилгээ хийхээр оролцогч нэг бүрийн мэдээллийг цуглуулж, мэдээллийн баталгаажилт, бодит байдлыг хангахын тулд чанарын ярилцлагын аргаар  асуумжийн дагуу дахин ярилцаж, шаардлагатай зарим баримтуудыг цуглуулсан. Мөн амбулатори, лаборатори, яаралтай тусламжийн тасгаар явж асуумж судалгаа авсан.

Эмнэлгийн санхүү төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг статистикч эмч болон эдийн засагчаас авч,  өртөг, зардлын тооцооллыг хийж, зөвлөмж, дүгнэлт гаргасан.

Сургалтын үйл ажиллагаа, үр дүн

Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, тасаг нэгжийн эрхлэгч, албаны дарга, холбогдох эмч, мэргэжилтэн 25 хүнд зохион байгуулсан сургалт нь хөтөлбөрийн дагуу эхэлж, сургалтын өмнөх мэдлэгийн сорил авсан. 

Сургалтын төгсгөлд  сургалтын  өмнөх ба дараах  мэдлэгийн сорил болон сэтгэл ханамжийн судалгаа авсан.  Мөн “Бүтэц үйл ажиллагааны  шинэчлэл“, “Эмнэлзүйн засаглалын дүн шинжилгээ”, “Санхүүгийн төлөвлөлт, тооцоолол”-ыг зөвлөмж дээр тулгуурлан, цаашид авах арга хэмжээг төлөвлөх,  Zoom-ээр холбогдон, хэлэлцүүлэг, зөвлөгөө хийхээр  ярилцсан.